Эрхэм мэргэжил нэгт БАЯЖУУЛАГЧ та бүхэндээ,
Монгол Улсад “Баяжуулалтын техникч” бэлтгэж эхэлсний 50, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи инженер” бэлтгэж эхэлсний 30, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн түүхт ойн мэндийг дэвшүүлье.
Өнөөдөр монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ууган үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтаас эхлэн шинээр ашиглалтад орж буй төслүүдийн техник-технологийн жигдрүүлэлт, уул уурхайн салбарын ололт амжилтууд бүхэлдээ бидний ахмад, идэр, залуу үеийн төлөөлөл та бүхний нөр хөдөлмөр, бүтээлтэй салшгүй холбоотой билээ.
Тиймээс ч Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо энэхүү түүхэн ойг, хамт олны эв нэгдлийг сахин, гадаад дотоодын байгууллагуудтай хамтарсан сургалт - судалгаа, гишүүддээ чиглэсэн олон үйл ажиллагааны бахдам үр дүнгээр угтаж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагаандаа онцгой анхаарч төсөл судалгааны болон үйлдвэрлэгч нартай хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж, түүний хүрээнд баяжуулагч инженерүүдийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Үүнд, дотоодын байгууллагуудын захиалгат ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өглөө. Тэр дундаа Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны захиалгат ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн нь төрийн бус байгууллагын судлаачид засгийн газрын зарим ажлын мэргэжлийн өндөр ур чадвартай гүйцэтгэх нэгэн баталгаа болсон гэж үзэж байна. Бид үүгээр зогсолгүй, БШУЯ-ны захиалгат, ШУТСангийн санхүүжилттэй гадаадтай хамтарсан төслийн шалгаруулалтанд БНХАУ-ын “Чаншагийн уул уурхай, металлургийн эрдэм шинжилгээний хүрээлэн” ХХК, “Хятад-Монголын технологи дамжуулах төв”-тэй хамтран “Хятад-Монголын хайлуур жоншны баяжмалын чанарыг сайжруулах, бохирдлыг бууруулах технологийн судалгаа” сэдэвт судалгааны ажлаар өрсөлдөж шалгарлаа. Хоёр улсын засгийн газрын санхүүжилттэй тус төслийн ажил амжилттай үргэлжилж байна. Энэхүү төслөөр дамжин тус холбоо эх орныхоо төдийгүй олон улсын шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх түүхийн хуудсаа эхлүүлж байна.
Цаашид зөвхөн судалгаагаар зогсохгүй, хүний нөөцийн ирээдүйг бэлтгэх, хөгжүүлэхэд холбооны хувь нэмрийг оруулах зорилгоор ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академи, БНХАУ-ын Вуханийн технологийн их сургуулийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургуультай сургалтын нүүрс-хийн чиглэлээр сургалт явуулах хэлцэл хийж, сургалтын хөтөлбөрийн төслийн санал солилцоод байна.
Холбооны зүгээс зохион байгуулж буй хүний нөөцийн хөгжүүлэлт, спортын уралдаан, тэмцээнд гишүүн байгууллагууд маань ч тал бүрээр дэмжин ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг.
Эдүгээ манай холбооны байр суурь батжиж, салбартаа төдийгүй олон улсад танигдах, гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн хэрээр хариуцлага, ёс суртахууны асуудал ямагт дагаж байгааг онцлон тэмдэглэе. Бидний хийсэн, бүтээсэн зүйлс гагцхүү мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэгдэж, төслийн хөрөнгө оруулалтын эрсдэлээс сэргийлэх, үйлдвэрлэлийн ашгийг нэмэгдүүлэх, баяжуулагч инженерийн ур чадварыг цаг ямагт илтгэж байх шаардлагатай юм. Иймээс ч бид зөвлөх, мэргэшсэн инженерийн сургалтаа холбогдох журмын хүрээнд хариуцлагатай явуулж ирлээ.
Ийнхүү холбооны удирдлагын багийн “Шинжлэх ухаан - Сургалт - Үйлдвэрлэл”-ийн холбоог бэхжүүлэх үндсэн чиглэл бүхий үйл ажиллагааг хамт олны нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай эрхэлж байгаагаа та бүхэндээ дуулгахад таатай байна.
Үүгээр зогсохгүй, түүхт ойгоо тохиолдуулан, баяжуулагч инженерүүдийнхээ гурван цагийг хэлхээг чандлан хадгалж, “Эрдэс баялгийн тойм” сонины эрхлэгч, сэтгүүлч Г.Идэрхангайн манай үе үеийн инженерүүдтэй хийсэн ярилцлагын түүвэр, хөрөг нийтлэлийг эмхэтгэн “Зуун дамжсан монгол баяжуулагчид” цуврал бүтээлийн эхний дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна.
МАМБХолбооны гишүүд, та бидний эвийг эрхэмлэж, ёс зүйг дээдэлсэн их үйлс улам өөдөө байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монголын баяжуулагчдыг дэлхийд дансалъя...
Ерөнхийлөгч Б.Чинзориг
/Техникийн ухааны доктор, дэд проф./